Гэрийн үйлчлэгч зарц биш

4e1edc6d4113bc19dc4d5f2c5ee95c87  hotel uniform maid uniform

Гэрийн үйлчлэгч зарц биш

Дэлхий дээр гэрийн үйлчлэгчдийг олноор “экспортлодог” газраар Филиппин тодорчээ. Тэд англи хэлтэй болохоор аль ч улс оронд очсон ойлголцоод байдаг давуу талтай учир гэрийн үйлчлэгчээр хаа сайгүй ажилладаг гэнэ. Монголд өнөөдөр 10 мянган айл гэрийн үйлчлэгчтэй байна. Үүнээс 4000  нь филиппин үйлчлэгч байдаг ажээ. Монголчуудыг бодвол үг дуугардаггүй, хулгай хийдэггүй, ажилсаг, байнгын чөлөө гуйгаад байдаггүй, дээрээс нь харьцаа сайтай, хамгийн гол нь англи хэлтэй болохоор хүүхдүүд хэл сурна гэж манайхан ихээр сонгодог гэнэ. Хэдий сайн чанаруудтай ч өөр зан заншил, өөр хэв маяг, ямар нэг шашны урсгал гээд цаг хугацаа өнгөрөх тусам  монгол хүнтэй хамт өсөөгүй хүүхэд филиппин ёс заншлаар хүмүүжиж байна. Манайхан гэрийн үйлчлэгчийн ажлыг зарцын ажил гэж ойлгодог. Энэ бол гэрийн эзэгтэйн тэр тусмаа эхнэр хүний ажил. Заавал баячууд гэрийн үйлчлэгчтэй байдаг гэсэн ойлголтоос илүү өнөөгийн нийгэмд гэр орон, үр хүүхэд, арын ажлыг нь амжуулаад өгөх гэрийн үйлчлэгч зайлшгүй шаардлагатай байгааг захын хүнээс асуухад хэлээд өгнө.   Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч ажилд авна гэсэн зарууд өглөө оройгүй телевиз,чаат, сонины хуудсуудаар байнга гарах болсон нь үүний нотолгоо. Залуу эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг толгойны өвчин болсон өнөө цагийн завгүй хүмүүст үр хүүхдийг нь хараад, ар гэрийнх нь ажлыг амжуулчих найдвартай хүн зайлшгүй  хэрэгтэй байна. Цэцэрлэгт өгөх гэхээр нас нь болоогүй гээд авахгүй, ах дүү хамаатан садан нь ажил төрөлтэй гээд завгүй. Дээрээс нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгаа билээ дээ. Хаа хамаагүй хүн гэртээ авчраад суулгах бас тиймэрхүү. Итгэлтэй, үнэнч хүн хэр олон байна вэ, хаанаас олох вэ, дээрээс нь гэр орон, үр хүүхэд, хамаг нандин бүхнээ л тэр хүнд даатгаад үлдээнэ гэсэн үг. Хамаг цагаа гэртээ юм угааж, хоол хийхэд зориулж байснаас илүү ихийг бүтээх чадалтай хүн гэрийн үйлчлэгчтэй байх нь хэн хэндээ хэрэгтэй.  Найдвартай, итгэл даах, сайн гэрийн үйлчлэгч бэлтгэдэг байгууллага манай улсад 5-6 байдаг гэнэ. Дэлхийн бусад улс оронд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийг нарийн мэргэжил гэж үзэн, тэднийг бэлтгэдэг сургууль хүртэл байгуулагдаж, зарим төгсөгчид нь асар их үнэ хүрдэг жишиг тогтоод хэдэн зууныг үджээ. Англид “Nanny” буюу хүүхэд хүмүүжүүлэгч нарыг бэлтгэдэг алдартай сургууль байдаг. Европын олон оронд гардаг “Super Nanny” нэртэй телевизийн шоу маш олон үзэгчтэй. Хүүхдээ хүмүүжүүлж чадахаа байсан эцэг эх “Super Nanny”-д ханддаг бөгөөд тухайн асрагч хүүхдийг нь сайн хүүхэд болгон хүмүүжүүлж чаддаг. Германд хүүхэд хүмүүжүүлэх, өвчтэй болон настай хүн асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах, гэрийн тэжээвэр амьтдыг арчлах зэрэг ажлыг албан ёсны ажил хэмээн үзэж улсын бүртгэлд авдаг байна. Монголд өнөөдөр ажилгүй хүн хэдэн арван мянгаараа байна. Ялангуяа 35-аас дээш насныханд ажил олддоггүй. Ажилгүй гээд толгойгоо шааж орлогогүй сууснаас өрөөлийн итгэлийг хүлээж, өөрөө ч орлоготой байж яагаад болохгүй гэж.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

+
To Top ↑