Хүүхэд асрагчийн эрэлт

Img 8104  1
Хүүхэд асрагчийн эрэлт

Чинээлэг айлуудын хувьд гаднын зарим орноос гэрийн үйлчлэгч авчирч ажиллуулах хандлага сүүлийн үед нэлээд түгээмэл болжээ. Харин дундаж давхаргынхан, залуу гэр бүлүүд итгэл даан хүүхэд харах хүний эрэлд гарах болсон. Нөгөөтэйгүүр, цаг үе өөрчлөгдөх тусам эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэн бүх салбарын мэргэжил эзэмшиж, ажил эрхэлж байна. Ингэснээр хүүхэд асрах, гэрийн ажилд зарцуулах цаг зав хомсдож, гэрийн үйлчлэгч ажиллуулахаас аргагүйд хүрчээ.

“Гэрийн асрагч буюу хүүхэд асрагч ажилд авна” гэсэн зар телевизийн чаат, сонин, сайт гээд хаана ч элбэг харагдах болсон. Энэ нь уг ажлын эрэлт хэрэгцээ ямар байгааг илтгэнэ.

Гэхдээ монголчууд гэрийн үйлчлэгч гэхээр “зарц” мэтээр ойлгодог учраас ажилгүй байсан ч голох нь бий. Цаашлаад зах зээлийн эрэлтийг далимдуулж сөрөг үзэгдэл гарсан тохиолдол ч цөөнгүй бүртгэгджээ.

Жишээлбэл, ой гарантай нялх хүүхдэд нойрсуулах эм их тунгаар өгч, өдөржин унтуулчихаад өөрөө зугаалж, наргиж явсан хэрэг чих дэлсэж байсан цаг саяхан.

Мөн хүний бяцхан үрийг хайр найргүй зодсон бичлэг ч интернэтээр цацагдсан. Эхэлж итгэлийг нь олж авчихаад, эзгүй хойгуур нь хамаг эд хогшлыг нь ачаад явдаг хүйтэн сэтгэлтнүүд байдаг гээд тоочвол таагүй баримт цөөнгүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэд асрагч авахдаа хянуур, хатуу ханддаг болохоос аргагүй. Гэрийн асрагч хийдэг хүмүүс голдуу 25-40 хүртэлх насны эмэгтэйчүүд байдаг гэнэ. Нас заах болсон шалтгаан нь нөгөө л ажлын дадлага туршлага, ачаалал даах чадвар, ар гэрийн байдал зэрэг нөлөөлдөг.

Асрагчид тавих шалгуур үүгээр дуусахгүй. Таван төрлийн шинжилгээ, хуулийн зөвлөгөө, сургалт, хэлний мэдлэг, боловсрол гээд мундахгүй олон шалгуур бий. Энэ талаар сурвалжлахаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг зорьлоо.

ГАДНЫН ИРГЭД ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАДАГ

Тус газрын хаалгаар ороход хөл хөдөлгөөн ихтэй байв. Ажилгүй иргэдийг зуучилдаг цөөн газруудын нэг нь эл байгууллага тул ийм байхаас ч аргагүй аж. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын холбогдох мэргэжилтэнтэй уулзаж, гадаадын хэчнээн иргэн манай улсад гэрийн асрагч хийдэг талаар тодрууллаа.

Тэрбээр “Манайд гэрийн асрагчийн нэгдсэн тоо баримт байдаггүй. Монгол Улсад хөдөлмөр эрхлэж буй гадаадын иргэдийг байршлаар нь авч үзвэл 47 хувь буюу 2792 нь хөдөө орон нутагт, 53 хувь буюу 2966 иргэн Улаанбаатар хотод байна. Үүнээс 89 орны 53 мянга гаруй иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, цуцлах зэрэг үйлчилгээ үзүүлсэн” гэсэн тайлбар өгсөн юм. Мөн манайд гэрийн үйлчлэгч, асрагч нарын ажлын байр, ажиллах нөхцөл зэргийг тусгасан эрх зүйн орчин, зохицуулалт байдаггүй хэмээн ярьсан.

Бид Хан-Уул дүүргийн иргэн Н.Солонгоос хүмүүс яагаад гаднын иргэнийг гэрийн үйлчлүүлэгчээр ажиллуулах сонирхолтой байдаг талаар сонирхсон юм. Тэрбээр “Ажилдаа маш сайн, даалгасан ажлыг цаг тухайд нь хийдэг. Англи хэлтэй учир хүүхдийн хичээлд их тус болдог. Гэр бүлийн хүмүүсийн хооронд илүү дутуу зүйл ярьж, асуудал үүсгэдэггүй зэрэг олон давуу талтай. Цалингийн хувьд мэдээж монгол хүн ажиллуулснаас хамаагүй өндөр өгдөг. Найз нөхөд гадаад хүн ажиллуулаад хүүхдийн боловсрол, шүтлэгт муу нөлөө үзүүлдэг гэж хэлдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Учир нь манай хүүхдүүд багаасаа л асрагчтай байсан. Гэхдээ элдэв зан араншин, сөрөг зүйл гараагүй л байна. Манай асрагч бидэнтэй их дотно байдаг” гэв.

УЛС ОРНУУД ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧИЙГ ТУСГАЙ ХӨТӨЛБӨРӨӨР БЭЛТГЭДЭГ

Ихэнх улс хүүхэд асрагчийг мэргэжлийн тоонд оруулж, тодорхой шалгуураар шалгаж, тусгайлан боловсруулсан хөтөлбөрөөр бэлтгэж, ажил эрхлүүлдэг байна. Харин Европын улсуудад энэ нь олон зуун жил хөгжсөн ажил эрхлэлт. Жишээ нь, Европт ээжээсээ илүү асрагч эхээ хайрлаж, илүү дотно, хүндэтгэлтэй ханддаг нийтлэг үзэгдэл ажиглагддаг гэнэ. Мөн Америкийн “Great Aupair” байгууллагын хүүхэд асрагчийн хөтөлбөрт оролцогч 18-26 насны гадаадын иргэн шалгуур хангаж байвал америк гэр бүлийн хүүхдийг нэг жилийн хугацаанд харж асрах эрх авдаг аж.

Ийн үйлчилснийхээ хөлсөнд долоо хоног бүр 199.75 ам.долларыг халаасны мөнгө болгон авдаг. Энэхүү хөтөлбөр ажлын бус соёлын солилцооны шинж чанартай тул солилцооны J-1 төрлийн виз олгодог аж. Хүүхэд асрагч нэг талаас хүүхэд халамжлах, гэрийн ажилд туслах үүргийг хүлээдэг. Мөн нөгөө талаар амрах, эрүүл мэнд, аюулгүй байдлаа даатгуулах, сурах боловсрох эрхээр хангагдана. Гэр бүлүүд хүүхэд асрагчийн өдөр тутмын байр, хоол зэрэг тав тухтай амьдрах нөхцөлийг хангах, халаасны мөнгийг долоо хоног бүр олгох, даатгал, сургалт, онгоцны тийзийг төлөх үүрэг хүлээдэг байна.

Цалингийн хувьд ч харьцангуй ялгаатай. Манай улсын гэрийн асрагчийн цалин 500 мянган төгрөгөөс эхэлдэг. Харин гадаадын асрагч нарын цалин сая төгрөгөөс буудаггүй ажээ.

Филиппин улсаас гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг “Далайн чанадад ажилладаг филиппинчүүд” хэмээдэг. Тухайлбал, таван жилийн өмнөх байдлаар авч үзвэл 93 сая 261 мянга орчим иргэнээс 975 мянга гаруй нь хилийн чанадад ажилладаг байжээ. Эдгээрийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Дэлхий даяар тархан ажиллах болсон филиппинчүүдээс гэрийн үйлчлэгч нарыг авч ажиллуулдаг нь улсын баячууд, улстөрчид, төр засгийн томоохон албан тушаалтнууд байдаг гэсэн судалгаа бий. Энэ бүгдийг албан ёсоор зохион байгуулалтад оруулж, гадаад орнуудад хуваарилж томилдог байгууллагууд Филиппинд олон байдаг аж. Эдгээр байгууллага ажилчдыг хаана, аль улсад ажиллахыг шийддэг тул эмэгтэйчүүд хаа хүрэхээ мэддэггүй байна.

МОНГОЛЧУУД ХЯМД ҮНЭЛГЭЭТЭЙ

Манай улсад гэрийн үйлчлэгчээр ажилладаг хүн цөөнгүй. Цалин нь 500 мянган төгрөгөөс эхэлдэг бөгөөд боломжийн орлоготой айл 600-800 мянган төгрөгийн хөлс өгдөг. Зуучлах байгууллага нь тухайн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас НДШ-ийн НД-7 маягт гаргуулдаг юм байна.

Засгийн газраас жил бүр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагсдын тоонд гадаадын иргэдийн эзлэх хувиар тооцож тогтоодог. Иймд дээрх маягтыг үндэслэн тухайн байгууллагад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэдийн тоог тооцож зөвшөөрөл олгодог юм байна.

АМЬДРАЛЫН ЯЛГАА

Хонконгийн нэгэн том дүүрэгт байдаг барааны захын байнгын үйлчлүүлэгчид нь филиппин эмэгтэйчүүд байдаг гэнэ. Тус улсад гэрийн асрагч хийдэг филиппинчүүд худалдан авах чадвар сайтай байдаг тул ийнхүү тэдний амралтын өдөрт зориулж бүхэл бүтэн зах нээдэг байна.

Англид гэхэд “Nanny” буюу хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч нарыг бэлтгэдэг алдартай сургууль байдаг. Энэ сургуулийг төгссөн асрагч үнэлгээ өндөр, үнэ цэнэтэйд тооцогддог. Тэр ч байтугай Европын орнуудад гардаг “Super Nanny” нэртэй телевизийн шоу нь үзэгчдийн тоогоор дээгүүр байранд бичигддэг аж. Тус орны эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлж дийлэхгүй байвал “Super Nanny”-д хандаж, асрагч хүүхдийг нь телевизийн дурангийн өмнө “сайн хүүхэд” болгон хүмүүжүүлж чаддаг ажээ.

Харин Германд гэрийн ажилд тусалдаг, бас хүүхэд асрагчийг гэрт ажилладаг хүн, гэрийн охин, бүр “Сувд” гэж нэрлэдэг. Гэрийн асрагчийн ажлыг албан ёсоор ажил гэж үзэн улсын бүртгэлд авдаг байна. Энэ мэтчилэн бусад улс оронд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийг нарийн мэргэжил гэж үзэн, тэднийг бэлтгэдэг сургууль хүртэл өндөр түвшинд хөгжжээ. Зарим төгсөгчид асар их үнэ хүрдэг жишиг тогтоод олон зууныг үдлээ.

Уг нь Монголд гэрийн асрагчийн зах зээл хэдийнэ бий болж, эрэлт хэрэгцээ, шаардлага нь хэтдээ бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Гэтэл өнөөдрийг болтол энэ зах зээлийг эрүүлээр зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй л байна. Гадаадын 53 мянга гаруй иргэнд хөдөлмөр эрхлэх үйлчилгээ үзүүлжээ

Г.Оюунтөгс

Засгийн газрын мэдээ

2017 оны 8 сарын 23